Улс орон бүхэлдээ мөнгө, эрх мэдэл, нэг нэгнээсээ дээр гарах гэсэн улс төрийн хэнээрхэлд автсан мэт санагдаж буй энэ үед уйтгарлах, бухимдах, итгэл алдрах, цөхрөх үе хүн бүрт тодорхой хэмжээгээр тохиолдож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та ажил, амьдралын аливаа нэгэн асуудлаас болж багахан ч болов бухимдлыг дотроо тээж яваа бол энэхүү бяцхан зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Гоц гойд гэхээр зүйлгүй мэт санагдаж болох хэдий ч амьдралд хандах хандлагаас бүх зүйл шалтгаалдаг гэдгийг магадгүй та бүхний аль хэдийн олж сонссон байж болох “Нууц” нэртэй номноос би олж мэдсэн юм. Хэрвээ та “Нууц” номыг эсвэл киног нь үзээд ойшоолгүй орхисон, эсвэл ойшоож ойлгосон ч дахин үзэх завдалгүй мартаж орхисон бол өдрийнхөө цаг заваас багахан хэсгийг зарцуулаад заавал дахин нэг удаа үзээд, тунгаан бодож үзээрэй. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй” гэж ярьдагчлан мэдсээр, ойлгосоор байгаа мэт хэр нь амьдралдаа тусгаж, хэрэгжүүлж чадахгүй зүйлс бидний амьдралын дэндүү их хувийг эзэлж байна. Зөв энерги, зөв амьдрал, зөв хандлагын тухай бид дэндүү их ярих болсон хэр нь бодит амьдрал дээр хэвшил болгон хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь маргаангүй үнэн. Ийм л учраас би “Нууц” номны талаар өөрт буусан сэтгэгдлээс хуваалцах үүднээс, нөгөө талаас ач холбогдлыг нь илүүтэй ихээр мэдрээсэй гэсэн үүднээс энэ зөвлөгөөг нийтэллээ. Харин ач холбогдлыг нь аль хэдийн мэдэрч, ойлгож, хэрэгжүүлж чадсан хүмүүсийн хувьд дэндүү их нуршсан мэт санагдаж байгаа бол хүлцэл өчье. Ямартай ч миний хувьд анх уг киног үзсэний дараа хүчтэй сэтгэгдэл төрж байсан хэдий ч хэсэг хугацааны дараа мартаж орхисон байлаа, харин дараа нь киног бүхэлд нь орчуулах завшаан тохиолдсоны ачаар кинонд гарч буй эрдэмтэн, мэргэд, судлаачдын үгийг нэг бүрчлэн сонсч, дахин дахин бодож үзэх боломж үүсч, улмаар ач холбогдлыг нь таашааж, амьдралдаа бага ч болов тусгаж авах хүсэл төрсөн юм. Ингээд киноны талаар монгол судлаачидтай ярилцах үед тусгаж авсан зүйлсээс багахныг дор дурдлаа. Та бүхэн киног үзээд, эсвэл номыг нь уншиж үзсэний дараа дор бүрнээ нэмэлт дүгнэлт, тайлбарыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна:
- Киног үзэж дуусмагцаа би юунд зорьж амьдарч байна вэ, нүдэндээ харагдтал төсөөлөн бодож, хүсч явдаг зүйл маань юу билээ гэж өөрөөсөө асуугаарай.
- Киног үзсэний дараахь сайхан, гэгээлэг сэтгэгдэл буураагүй байх яг тэр үедээ өдөр тутам байнга харилцдаг дотны хүмүүсээ ажиглан хараад үз. Тэд таны хувьд үнэхээр чухал хүмүүс мөн гэдгийг мэддэг хэр нь эерэг, талархууштай талыг нь таг мартсан явж байдгаа мэдрэх болно. Тэгээд яг л тэр эерэг, талархууштай талыг нь гэр бүлийнхэн, хамт ажиллагсад гээд хүн бүрээс олж харахыг өөртөө байнга сануул. Нэг удаа хараад, мэдрээд өнгөрөх биш, тухайн хүнийг харах бүртээ өөртөө сануулж чадвал таагүй эсвэл нэгэн хэвийн харьцаатай байсан хүмүүсээс ч сайхан зүйлсийг мэдэрч, харьцаандаа ахиц гаргаж чаддаг болохыг олж мэднэ. Үнэхээр үнэн шүү!
- Дотроо үргэлж баяр, хөөртэй явах /тэнэг хүмүүс л үргэлж баяртай явдаг биш юм байна лээ/, үргэлж ямар нэгэн баяртай зүйл болох гэж байгаа мэт догдлолыг тээж явах нь ямар нэгэн баяртай зүйлийг заавал бий болгодог юм байна. Ууртай байгаа хүнд ойр хавийн бүх л юм болохгүй, бүтэхгүй байгаа мэт санагддаг шиг баяртай яваа хүнд бүх л зүйл гэрэл, гэгээтэй, уужуу, сайхан санагддаг байна. Бас эргэн тойрны бүх хүмүүс танд сайн сайхныг хүсч, танд талархаж байгаа мэт санагдах болно, бусдаас хүлээж авах тэр энерги л хамгийн чухал. Нэг үгээр хэлвэл та өөрт чинь сайнаар хандаж буй хүмүүсийн эерэг, сайхан энергийг хүлээж аваад, харин таагүй, сөрөг энергийг мэдрэхгүй, тоохгүй, холуур өнгөрөөж сурдаг гэнэ. Ингэсээр нэг мэдэхэд сөрөг энерги гэгч зүйлээс ангид амьдарч чаддаг гэсэн шүү.
- Гэртээ А4-ийн цаасан дээр ч хамаагүй ойрын үед авахыг хүсч байгаа, биелүүлэхийг хүсч байгаа зүйлээ жагсаан бичээд өдөр тутам харагдаж байхуйц газар наагаарай. Мартахгүй хараад, бодоод байх тусам тэр зүйлс нэг нэгээрээ биелдэг юм байна лээ. Ойрын хугацаанд хүсч байгаа зүйлсээ биелүүлж сурснаар цаашдаа том хүсэл, мөрөөдлүүдээ ч биелүүлж чадна.
- Эцэст нь “Нууц” номыг эсвэл киног нь заавал дахин нэг удаа унш, эсвэл үз. Тэгээд үргэлж баяртай байх буюу Feel good гэх зарчмыг нь мартахгүй, үргэлж бодож байхыг хичээгээрэй. Миний амьдралд л лав багагүй зүйлсийг ойлгуулж өгч чадсан, танд ч гэсэн өөрчлөлтийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд амжилт хүсье. Бид нар бүгдээрээ мөрөөдөлдөө хүрч, бас бие биендээ хайр, талархлыг бэлэглэж чадна.
Эх сурвалж: З.Хандмаа
No comments:
Post a Comment