Friday, October 30, 2009

Уран илтгэх урлаг гэж юу вэ?

Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидэт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.

Та заавал уран илтгэгч байх ёстой юү?

Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх

Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan