Tuesday, March 9, 2010

Сэтгэл зүйн дайралтаас хамгаалах аргууд


















Бид өдөр тутам маш олон хүнтэй харьцдаг. Зарим нь тайван, дөлгөөн хүмүүс байдаг бол зарим нь уур уцаартай, хашхирч загнасан, хараасан доромжилсон хүн байдаг. Энэ бүгдэд сэтгэл зүйн хамгаалалттай, бэлтгэлтэй байх нь бидэнд л хэрэгтэй юм.


“Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Yүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.

“Салхивч” арга

Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Yүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.

“Аквариум” арга

Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Yүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан

“Диснейлэнд” арга

Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.

“Yнэг ба усан үзэм” арга

Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.

“Далай” арга

Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.

Жүжигчилсэн тоглолт үзэх арга

Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиглагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуулахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.
Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan