Thursday, April 15, 2010

Удахгүй “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” амилж, бүжиж дуулна...

Монголын эстрадын урлагийн өвөг эцэг болсон “Баянмонгол” чуулгын 41 дэх жилийн ой удахгүй болно. Тус чуулга нь Монголын урлагийн сор болсон олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай, жааз хөгжмийг хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа ууган чуулга билээ.

Энэ чуулгын нэрт, гоцлол дуучин Л.ОЮУНЧИМЭГийг тэр үеийн залуус андахгүй сайн мэднэ. 1952 – 1999 оны хооронд амьдрах хугацаандаа Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, цаашид хөгжих үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч бай
сан. Түүний бага хүү, бидний анд найз Э.Учрал ээжийгээ эргэн дурсч, уран бүтээлийг нь мөнхжүүлэх үүднээс “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” хэмээх төслийг санаачлан ажиллаж эхлээд байна. Тэрээр тус чуулгын дуучин, асан, хайрт ээж Л,Оюунчимэгийнхээ уран бүтээлийг олон нийтэд хүргэхээр шийдэн, шилдэг дуунуудаас бүрдсэн “Цэцэгт нугын эрвээхэй” хэмээх алтан цомог (Audio CD) - ийг гаргах гэж байгаа юм байна.



















Э.Учрал хэлэхдээ: “Монголын эстрад урлагийн тvvхийн алтан хуудсыг нээж, хvмvvсийн сэтгэл зvрхэнд одоог хvртэл хоногшсон олон сайхан дууны эзэд бол яахын аргагvй "Баян Монгол" чуулгын алтан vеийнхэн байдаг. Монголд эстрад урлаг, дуу хөгжим байгаа цагт бид нар энэ хүмүүсийгээ хэзээ ч мартаж болохгүй юм. Хэдийгээр олон сайхан, залуу дуучид төрөн гарч байгаа ч 70, 80 - аад оны тэр сайхан дуунуудыг яг тэр хэвээр нь, одоо хэр нь сонсохыг хvсдэг, vгvйлдэг хүмүүс байсаар байна. Тийм ч учраас миний бие нэг талаар хайрт ээжийнхээ уйгагүй хөдөлмөр, авьяас билэг, сэтгэл зүрх нь шингэсэн уран бүтээлийг сэргээн амьдруулах, нөгөө талаар алтан үеийнхний дууг сонсох дуртай тэр л хүмүүст зориулсан бүтээлийг хүргэе гэж шийдсэн юм.” гэжээ.

Тэр үеийн залуучууд нэрт дуучин Л.Оюунчимэг болон "Баян Монгол" чуулгын алтан үеийнхний дууг сонсох дуртай байв. Л.Оюунчимэгийн анх дуулж амьдруулсан “Цэцэгт нугын эрвээхэй”, ”Дөрвөн улирал, хоёр амраг”, “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “10 дахь хавраа үдье” гээд олон сайхан дуунууд хvмvvсийн сэтгэл зvрхэнд одоог хvртэл хоногшиж дуулагдсаар байдаг билээ.

Цомгийн тухай “ЦЭЦЭГТ НУГЫН ЭРВЭЭХЭЙ” төслийг удирдагч, дуучин, асан, Л.Оюунчимэгийн агсны бага хүү Э.Учрал “Энэ цомог нь ээжийн маань уран бүтээлийн тухай, Монголын урлагийн алтан үеийнхний дууг сонсох дуртай хүмүүсийн дурсамжийг сэргээсэн, сэтгэлийг догдлуулсан үнэ цэнэтэй бүтээл болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тиймээс дуунд дуртай монголчуудынхаа дэмжлэгтэйгээр тус бүтээлийг бүтээсэй гэж хүсч байгаа. Тэгэхээр манай төслийг дэмжин ажиллах, санал хүсэлтээ харамгүй хэлэх хүмүүсийг би урьж байна.” гэж ярьсан юм.

“Баянмонгол Чуулга”-ын гоцлол дуучин, эгэл даруу Л.Оюунчимэгийг эргэн дурсъя

Лувсан овогтой Оюунчимэг нь 1952 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. 1969 онд Ховд аймгийн 10 жилийн сургуулийг төгсөж, Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дэргэдэх “Улсын Цахилгаан Хөгжмийн Чуулга” – д дуучнаар уригдан Урлагийн гавьяат зүтгэлгэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж багшийн удирдлаганд ажиллаж байв.

1972 оноос үргэлжлүүлэн Улсын Филармонийн дэргэд байгуулагдсан эстрад, жааз найрал хөгжмийн “Баянмонгол” чуулгад дуучнаар шилжин ажиллажээ. Энэ хугацаандаа алс Америк тивийн улс орнуудаар болон бүх социалист орнуудад зохиогддог “Ая дууны наадам” - уудад байнга оролцож, эх орноо сурталчилан таниулдаг байсан байна. Нэрт дуучин бүсгүй Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, бүх аймаг, сумдуудад урлагийн тоглолтоороо дамжуулан, ард түмэндээ ая дуугаа өргөдөг байв.

Л.Оюунчимэг нь БНМАУ – ын соёлын яамны шийдвэрээр 1990 онд /Тэр үеийн гоцлол дуучин 20 жилийн зарчмаар тэтгэвэрт гардаг байв./ тусгай тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болсон ажээ. Л.Оюунчимэг нь төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Засгийн газрын жуух, “Монголын Радиогийн тэргүүний ажилтан”, Хөдөлмөрийн ойн хүндэт медалиуд болон “Ард түмний гавьяат” цолоор тус тус шагнагдсан байна. Мөн Олон Улсын чанартай тэмцээн уралдаанаас гранпри шагнал, өргөмжлөл, цом зэрэг зүйлсээр шагнагдаж байжээ.

Эстрадын нэрт дуучны олон сайхан дуунууд телевиз, радиогийн алтан фондод байдаг. Тэрээр ганцхан эстрад жааз хөгжим гэлтгүй симфони найрал хөгжим болон ардын хөгжмийн чуулгатай дуулдаг байв. Түүнчлэн “Баянмонгол” чуулгынхаа өмөг түшиг, халамжит эх нь байж, урлагийн олон олон тоглолтуудыг зохион байгуулахад оролцож байжээ. Нэрт, гоцлол дуучин Оюунчимэг нь залуу үеийнхээ хамтлаг, дуучдад өөрийн зөвлөлгөөгөө харамгүй хайрладаг сурган хүмүүжүүлэгч, чиглүүлэгч нэгэн байсныг эргэн дурсах цаг болжээ.

Тэрээр Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, рок поп урлагийн хөгжил цэцэглэлтэд өөрийн авъяас билэг, сэтгэл зүрх, залуу халуун насаа харатгүй зориулсан ч нэр алдарт дургүй, эгэл, даруухан байхыг эрхэмлэдэг алтан үеийнхний нэгээхэн төлөөлөл байсан юм. Тиймдээ ч ард түмэн түүнийг мартаагүй, одоо ч хүртэл үнэлэн хайрласаар байдаг билээ.

Хүү Э.Учрал нь ээжийнхээ тухай дурсахдаа ”Ээж маань амьд сэрүүн байхдаа өөрийн дуутай хуурцаг (Аудио кассет) – ийг гаргахыг хүсч байсан. Гэвч тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, тодорхой учир шалтгааны улмаас хийж амжилгүй байсаар 1999 онд өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Миний бие ээжийнхээ энэ чин хүслийг биелүүлж, уран бүтээлээр нь дамжуулан ард түмнийх нь дунд дахин амьдруулахыг хүсч, өөрийнх нь хайртай дууных нь нэг болох “Цэцэгт нугын эрвээхэй” – гээр нэрлэсэн цомгийг бүтээхээр шийдсэн. Миний ээжийн тухайн үед дуулж байсан зарим дуунууд нь урт хугацааны турш радиогийн алтан фондод дамран хальс болон пянзан дээр бичигдэн хадгалагдаж байсан тул тэр үеийн амьд тоглолт, хөгжмийн найруулгыг өөрчлөлгүй мэргэжлийн дуу бичлэгийн студи, хөгжмийн чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бичлэгийн чанарыг дахин сэргээн засварлаж, сонсогчдын хүртээл болгох юм. Цомгийг гаргасны дараа Монголын нэрт дуучдыг цуглуулан “Цэцэгт нугын эрвээхэй” тоглолтыг амилуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн би ээжийнхээ амьдралаас сэдэвлэн “Цэцэгт нугын эрвээхэй” хэмээх мюзил, уран сайхны кино зохиолыг бичиж байгаа. Ээжийг Монголын эстрад урлагийн түүх болсон хүн гэж би хувьдаа үздэг учраас киноны зохиол маань ч гэсэн Монголын эстрад урлагийн түүхийг давхар агуулж байгаагаараа их онцлогтой болж байгаа. Миний ээжийн хийсэн хөдөлмөр, авъяас билэг Монголын эстрад урлагийн түүхэнд алтан үсгээр мөнхөд бичигдэх учиртай.“ гэсэн юм.

Дашрамд дурьдахад, энэхүү цомогт нь Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчид болох Д.Нацагдорж /”Идэр хоер”/, Ш.Сүрэнжав /”Тойрон бүжгийн дуу”, “10 дахь хавраа үдье”/, Д.Пүрэвдорж /”Үгүй гэдгээ харьцүүлая”/, Д.Содномдорж /”Цэцэгт нугын эрвээхэй”/, Ш.Шажинбат /”Намрын тухай дурьдатгал”/ нарын бүтээлүүд болон түүнчлэн Монголын хөгжмийн нэрт төлөөллүүд болох Т.Чимэддорж /”Сэтгэлийн жигүүр”/, С.Мааяа /”Хаврын салхи”, “Амрыг айлтгая”/, Г.Даваа /”Навчин дээрх шүүдэр”, “Хөдөө дуудаж байна”/, С.Баатарсүх /”Дөрвөн улирал, хоёр амраг”/, Б.Наранбаатар /”18 насны хүслэн”/, Б.Ганбат /”Уянгын гурван эгшиг”/ зэрэг уран бүтээлчдийн шүлэг, хөг аялгуу шингэсэн нь тус цомгийг ямар гайхамшигтай бүтээл болохыг нь илтгэж байна. Түүнчлэн тус цомогт нь дуучин Л.Оюунчимэгтэй уран бүтээлийн жимээр холбогдсон, Монголын эстрадын алтан үеийнхэн болох дуучин Б.Нандинцэцэг, О.Ичинхорлоо Х.Галхүү, Ц.Өлзий-Орших нарын хамтран дуулсан дуунууд багтаж байгаа юм байна .

Ээж аавынхаа хүсэл мөрөөдлийг биелvvлэх ухаантай, урлагийг хvндэлж хайрлах vзлээр нь хvмvvжсэн хvvхдvvд, бас дуулсан дуу, бүтээсэн үйлс нь байгаа цагт монголын урлаг хэзээ жаргахгүй, хязгааргүй мөнхөд үргэлжилсээр байх билээ.

Ээжийнхээ уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Учрал анддаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэ мэдээг ээж аав, эмээ өвөө, ойр дотныхоо хүмүүст болон листнийхээ бүх хүмүүст заавал дуулгаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.

3 comments:

Anonymous said...

goyo duu shuu.

Cаарал said...

Garahaar ni zaaval avnaa. Gesnees Hovdiin gaviyat Tserendolgoriin CD garahgui yum baih daa. Gesnees altan uyiin 50 mongol kinog DVD-eer gargana gej baisan yu bolson bol. Gesnees ene muuhai duutai yumaa avaad hayachihgui yum baih daa.

төрөө said...

учрал найздаа заавал тусланаа, ангийн андууд нь

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan