Monday, March 1, 2010

Өнөөдрийн юм бүхэн үнэтэй















Хүн бүхэнд ирээдүй гэж бий. Бас туулж өнгөрүүлсэн амьдрал гэж бий. Тэр бүү хэл, тухайн хүн хорвоод хэдэн жил амьдарснаас үл шалтгаалан хүн бүхэнд аз нь шовойх бас азгүйтэх, бүтэлтэй бүтэлгүй элдэв явдал тохиолдох бөгөөд их бага ямар нэг хэмжээгээр дадлага туршлага ч хуримтлагдсан байдаг.
Хамгийн хачирхалтай нь энэ бүхнээс хэн ч зайлж чаддаггүй бөгөөд алдаа оноо, мандан бадралт, гандан бууралтгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүй нь ч хоёргүй үнэн билээ. Амьдралын хүнд дарамтаас болж хүний амьдрал санаснаар болох нь байтугай харин ч бэрх хэцүү болон хувирах нь бий.

Олон хүн амьдралын түмэн нугачаа, өөрт тохиолдсон олон олон санаатай санамсаргүй үйл явдлын нөлөөн дор учраа олохгүй мунгинасаар, амьдралын сайн сайхныг анзааралгүй олдсон жаахан насаа өнгөрөөдөг. Тухайлбал эхнэр нөхрийн салалт гэдэг нь хэзээ ч байж боломгүй явдал биш юм. Эр эм хоёрын хэнд нь ч дахин шинээр гэрлэх боломж бий. Гэр бүл салалтанд хэт эмзэглэж хандах нь хэтэрхий өөрийгөө золиосолсон хэрэг. Хайртай хүн чинь таарч тохирохгүйгээс таныг хаяж явснаас болж насан туршдаа хайр дурлалгүй ганцаардмал гунигт амьдралд өөрийгөө хүргэж болохгүй. Хүн хэд ч дурлаж болно. Дурлал бүхэн үнэ цэнтэй. Хайр дурлал чинь нэг удаа бүтээгүй бол хамаагүй, дахиад нэг удаа үзээд алд. Та энэ тоолонд сайн сайхан зүйлтэй учрах болно.

Хэрэв та өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ хийсвэрээр төсөөлөн амьдрах гэвэл энэ чинь хэзээ ч сайхан амьдрал болохгүй. Хий хоосон мөрөөдөл л болно. Тиймээс ганцхан өнөөдрөөр л амьдрах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн юм бүхэн л үнэтэй. Өнөөдөр энд болж байгаа бүхэн таны амьдралд хамаатай болохоос бус өнгөрсөн ирээдүй хоёр өнөөдрийн хувьд танд огт хамаагүй зүйл. Өнгөрсөн бүхэн таны ард хоцорсон. Хэрэв өнгөрснөө санан дурсахыг хүсэж байгаа бол зөвхөн тааламжтай сайхан үеэ л дурс. Ирээдүй бол тэртэй тэргүй сайхнаар төсөөлөгдөнө. Харин өнөөдөр та яаж амьдарч байна. Сайхан амьдралын төлөө тэмц. Өнөөдрийн юм бүхэн үнэтэй шүү. Тийм учраас та зөвхөн өнөөдрөөр л амьдраарай. Эргэн тойронд байгаа бүх зүйл таны амьдралыг хөглөх болно.

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan