Wednesday, January 27, 2010

Бодол санааныхаа хүчийг мэдэр


Хайр бол хамгийн хүчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дүү, найз нөхөд, мөн хар элгийн хүнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хүмүүс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог билээ. Товчхондоо та хайрлуулахыг хүсч байгаа бол өөрөө эхлээд хайрла. Бусдыг хайрлах сэтгэл агуу юм. Гэвч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ мөн чанарыг умартдаг нь цөөн биш.
Эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадахгүй явсаар өдөр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгүй таны сэтгэл зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол, эсвэл ерөөс хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Үүний тулд эртнээс мэргэдийн бидэнд зөвлөсөөр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой.

Бодол санааныхаа хүчийг мэдэр Бид юун тухай бодож байна, түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт. Та муу санаа агуулбал муу, муухайг мэдэрч, сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа тань хайраар дүүрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл үнэмшлээ өөрчилж болно.
Бодол санаа, үйл хөдлөлийг, үйл хөдлөл зан үйлийг, зан үйл нь хувь заяаг бүтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу хайрыг мэдэрч, мэдрүүлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож, бодол санааныхаа агуу их хүчийг мэдрээрэй.

Хүндэтгэл нь хайрыг бий болгодог Хэн нэгнийг ямар нэг зүйлийг хайрлахын тул эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэгэхээр юуны түрүүнд би өөрийгөө хүндэлж, хайрлаж байна уу, гэж өөрөөсөө асууж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур.
Би өөрийнхөө юуг хүндэлдэг вэ гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагддаггүй талууд дээр нь биш хүндэлмээр тал дээр нь төвлөрч эхэлнэ. Үүний дүнд та хүмүүст агуу хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрлийг үгүй болгодог. Иймээс та эхлээд өөрийгөө ойлгож, хүндэлбэл хайр аяндаа таниас ундран гарах болно.

Эхлээд өөрөө өг Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тань руу хариу инээмсэглэдгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буй бүхэн тань буцаж ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн хүмүүс бүжиглэвэл би хөгжимдөнө гэдэггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай.
Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсвэл хайр ямар ч болзолгүйгээр хариуд нь юу ч шаардахгүйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Түүнээс гадна хоёр хүний харилцаанд тэр миний төлөө юу хийж чадах вэ гэж асууж байвал тэр харилцаа хамтын амьдралд насан туршийн хайрыг бий болгодог гэдгийг санаарай.

Хайрыг хүсч байвал нөхөрлөлийг хай Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери “Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Нэг итгэл үнэмшил, бишрэл иь насан туршийн жинхэнэ хайрын үндэс юм. Олон хүмүүс бие мах бодийн сонирхлоос хайр үүсдэг гаж ташаа ойлгодог нь харамсалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, өдрөөс өдөрт гундаж байдаг зүйл.
Харин нэгдмэл санаа, зорилго, сонирхол, хүндлэл нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бэхжиж байдаг юм. Үүний баталгаа болох нэгэн судалгаа танд сонин байж болох юм. 50-иас дээш жил хамтдаа аз жаргалтай амьдарсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй гэж хариулсан гэж Америкийн их сургуулийн хэсэг социологчид судалгаандаа бичжээ. Тэгэхээр харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.

Эрх чөлөө олго Тагтаа тэжээж тэднээрээ бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг уншигч та юу гэж дүгнэх бол? Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөтэй байхыг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хүссэнээр биш өөрийнхөө хүссэнээр амьдрах боломж олгох ёстой. Хэн нэгнээс зууралдаад л байвал сэтгэл санааны хувьд түүнийг багалзуурдаж эхлэнэ.
Энэ нь хайрласандаа биш харин өөртөө итгэлгүй байснаас, алдахаас айснаас, эсвэл бүр хардалтаас голцуу үүсдэг зүйл. Тэгэхээр юуны түрүүнд хүнийг бие мах бодиор нь төдийгүй хайрлахад саад болж байгаа бүхнээс тухайлбал буруу итгэл үнэмшил, буруу бодол, хорсол гомдол, догшин ширүүн зангаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Харин ийнхүү чөлөөлөгдөхийн тулд хүнийг уучилж сурах ганцхан арга байдгийг танд сануулъя. Гомдол нь сэтгэлийг эвддэг бол уучлал нь хайранд орон зай гаргаж өгдөг юм шүү.

Хайраа илэрхийлж бай Хүмүүст тохиолддог хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь тэд хайрлаж чаддаггүйд биш харин өөрсдийн мэрдэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггүйд, бие биетэйгээ харьцаж чаддаггүйд байдаг. Энэ нь хүмүүсийн дунд оршдог хамгийн түгээмэл “өвчин” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггүй, бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анхаарч сонсдоггүй. Орой болмогц тус тусдаа зурагт үзэн сууцгаадаг. Энэ нь үргэлжилсээр бид жинхэнэ ёсоор харьцахгүй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлалцаж чадахаа болиход хүргэдэг.
Хэрвээ бид харьцаж, сэтгэлээ илэрхийлж чадахгүй л бол хайрыг өгч, авч ч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хайрлана гэдэг нь харилцан санаа бодлоо хуваалцана гэсэн үг. Та сэтгэлээ дотроос нь түгжээд байвал өөрөө зожиг, дарамттай хүн болоод зогсохгүй ойр дотны хүмүүстээ танд туслах, таныг дэмжих боломж олгохгүй. Мэдээж бид өөрсдөө сэтгэлээ илэрхийлэхгүй бол харьцаа тогтоож чадахгүй шүү дээ. Хэрвээ хоорондоо санаа бодлоо хуваалцвал амьдрал хэмээх аялал тийм ч хүнд хэцүү биш гэдгийг санаж яваарай.

Хайр бол үнэнч байх явдал Хүмүүс хайрыг нэг тийм уян зөөлөн, романтик зүйл гэж ихэнхдээ төсөөлдөг. Гэтэл хайр бол үүнээс хавьгүй илүү их зүйл юм. Хайр гэдэг харьцаандаа үнэнч, тууштай байх явдал юм. Та хэн нэгнийг үнэнээсээ хайрладаг бол түүнтэй харьцах харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хөөрөл ба уналт, сайн муу цаг тохиодог бөгөөд чухам ийм үеүдийг хэрхэн даван туулснаас харьцааны амьдрах чадвар шалтгаална.
Хоёр хүн маргалдах бүртээ харьцаагаа тасална гэж сүрдүүлээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт энэ харьцаа дуусч л таарна. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэн л юм бол түүнээ орхих хувилбар байх ёсгүй гэж ойлгож болно. Үнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдгийг та амьдрал дээрээс бэлхнээ харж болдгийг ахин санаарай.

Итгэж сур Өөрөөр хэлбэл та урьд нь хэн нэгэнд итгэдэггүй байсан бол одоо өөрийгөө өөрчилж, хүнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хүчээр цоо шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгүй л бол түүнийг хайрлаж чадахгүй.
Учир нь итгэл байхгүй бол та амгалан тайван бус, хартай сэжиглэмтгий болж нөгөө хүндээ хууртахаас байнга айдаг болно. Энэ нь харьцаанд тэсэхийн аргагүй дарамт үүсгэж, нөгөө хүн тань өөрийгөө занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын түгшүүрт автах болно. Зарим хүмүүс харьцаа нь тасарчих вий гэж үргэлж айж байдгаас харьцаа нь аяндаа хэврэгшин нэг л өдөр үнэхээр тасардаг. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь өөртөө, ханьдаа амьдралд итгэж сурах явдал гэдгийг зүрхний тарни болгож аваарай.

No comments:

Post a Comment

 
Copyright 2009 Маркетингийн ойлголтууд.... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by Masterplan